ENG
Home

“EXPORT TO KOREA” БИЗНЕС УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Скай Хайпермаркет” ХХК нь Монголд анх удаа бүрэн барааны хайпермаркет Имартыг тун удахгүй нээхээр ажиллаж буй үндэсний компани билээ. Бидний нийгмийн хариуцлагаа биелүүлэх үндсэн бодлогуудын нэг нь Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм.

Энэ ажлынхаа хүрээнд БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын багийнхан болон Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд “Export to Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү ажил нь энэ оны 4-р сарын 18-ны өдөр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар эхлэсэн юм.

Нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй Солонгос Имартын худалдан авалтын багийнхан “Скай Хайпермаркет” ХХК-ийн урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд Үндэсний үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ экспортлох, гадаад худалдаа эрхлэхэд юуг анхаарах болон ямар стандарт, шаардлагыг зайлшгүй хангах ёстой талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Бизнес уулзалтад Монгол үндэсний 60 орчим компани, аж ахуйн нэгж оролцон бүрэн болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, ноолууран болон сүлжмэл хувцас, гэр ахуй, гоо сайхан, гоёл чимэглэл, жуулчдад зориулсан бараа бүтээгдэхүүнээ Имартын мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.

Имартын Бэлэн хувцас худалдан авалтын багийн ахлах хатагтай, Ан Ён Ми : Монгол бараа бүтээгдэхүүн чанартай байгалийн гаралтай органик гэдгээрээ онцлог байж, бидний анхаарлыг татаж чадлаа. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүн бол Имартын шаардлага, стандартаас давсан маш сайн чанартай байна хэмээн онцоллоо.

Уулзалтын дараагаар Имартын худалдан авалтын мэргэжилтнүүд “АПУ” ХК, “Монос хүнс”, “Алтай кашмер”, “Говь”, “Гоёо” зэрэг үндэсний томоохон компаниар зочлон үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд БНСУ руу бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудад нэгдсэн бодлого, зөвлөмж хүргүүлэх, хил, гаалиар монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тухайн Улсын чанар стандартыг хангуулж ажиллах, хамтарсан бизнес уулзалтыг жил бүр зохион байгуулах зэргийг хариуцан ажиллана.

“Скай Хайпермаркет” ХХК-ын Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ: Имарт нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байна. Монгол үндэсний бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох боломжийг нээж өгөхийн төлөө энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Ийнхүү үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд маань бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой боллоо. “Скай Хайпермаркет”-ын зүгээс МҮХАҮТ-ын хамт олон болон хэвлэл мэдээлэл, зохион байгуулахад оролцсон бүх хүн, компаниудад талархсанаа илэрхийлсэн юм.


Recent posts