ENG
Home

“Аюулгүй бүс” камержуулалтын аяны хүрээнд Имарт Нийслэлийн “Үлгэр жишээ” аюулгүй бүс боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн ЗДТГ болон Цагдаагийн газар хамтран нийслэлд гарч буй хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай, “Камержуулалт” нэртэй болзолт уралдаан зарлаад буй.


Тэгвэл нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өчигдөр “Emart” худалдааны төвд “Аюулгүй бүс” уулзалт зохион байгуулж, “Камержуулалт” аяныг нээлээ. Тус худалдааны төвийг сонгож, уулзалт хийсэн шалтгаанаа тэд Иргэдэд аюулгүй үйлчлүүлэх боломж бүрдүүлж, камержуулалтын асуудлаа бүрэн шийдсэн гэж тайлбарлав.


“Emart” худалдааны төвд 178 ширхэг камер суурилуулсан ба хэрэг гарсан тохиолдолд телекамерын тусламжтайгаар шуурхай илрүүлэн, зохих арга хэмжээ авдаг.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд цагдаагийн байгууллага анхаарч байгаа. Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар буурсан. “Камержуулалт” аяны хүрээнд НЦГ-ынхан олны хөл ихтэй, томоохон худалдааны төвүүдийг стандартын шаардлага хангасан, чанартай камер суурилуулахыг уриалж, хамтран ажилласан.

“Emart” худалдааны төвд он гарсаар гуравхан тохиолдол бүртгэгдсэн. Камержуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ямар чухлыг баталж байна” гэлээ.

Томоохон худалдааны төвүүдээс гадна эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгай хамгийн их гардаг гэнэ. Ялангуяа, ГССҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ийм хэрэг нэлээд гарч байгаа тул зайлшгүй камержуулах шаардлагатай гэж НЦГ-ынхан онцоллоо.

Эх сурвалж:

http://www.police.gov.mn/news/content/id/2808/type/33/menuid/37

http://unuudur.mn/article/96280

http://undesten.mn/index.php?newsid=17481


Recent posts