ENG
Нүүр

Монголын хамгийн анхны Хөнгөлөлттэй барааны дэлгүүр Имарт

2016.08.30

Алтай Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Скай Хайпермаркет ХХК-ийн Тэргүүн дэмжигч Л.Жавзмаа

(Өнөөдөр сонин, Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас)

Юуны өмнө танай Скай Их Дэлгүүрийн 15 жилийн ойн мэнд хүргэе, мөн Монголдоо хамгийн том хайпермаркет Имартыг амжилттай нээсэнд баяр хүргэж ярилцлагаа эхлэе.

Баярлалаа, Манай Скай их дэлгүүр хэрэглэгчиддээ үйлчилж эхлээд 15 жилийнхээ ойтой золгож байна. Мөн " Алтай Холдинг" компаний маань 25 жилийн ой болж байна. Алтай Холдинг бол үндэсний үйлдвэрлэл үйлчилгээний компаниуд болох Алтай кашмир, Чингис зочид буудал, Скай трейдинг, Скайтел зэрэг олон компанийг төрүүлэн гаргасан үндэсний ууган компаниудын нэг шүү дээ.

Бид энэ ойгоо угтан бүрэн өөрчлөгдөж үйлчилгээ, үйл ажиллагаагаа олон улсын стандартад хүргэхээр ажиллаж байна. Бид Монголд анх удаа глобал хайпермаркетийн сүлжээ Имартыг амжилттай нээж хэрэглэгчиддээ үйлчилж эхлээд байна.


Солонгосын Имарт гэхээр Монголчууд илүү мэдэх байх л даа.

Тиймээ. Гуч гаруй жилийн түүхтэй, тэр үед яг л одоогийн бидэн шиг АНУ-ын Косткотой хамтран нээж суралцаж, зөвлөх үйлчилгээ авч үйл ажиллагаагаа эхэлсэн сүлжээ. Одоо 160 сүлжээ дэлгүүртэй Солонгосын үндэсний шилдэг брэнд болсон байна. Хятад, Вьетнамд сүлжээ дэлгүүрээ нээгээд байна. Гэхдээ бид Имарт дэлгүүрийг Шангри-Ла, Бургеркинг, KFC шиг франчайзингаар Монголдоо авчирч байна. Оруулж ирж буй компани нь Скай Хайпермаркет ХХК гээд манай нэг охин компани байгаа. Энэ том нэр хүндтэй, тэргүүлэгч компанийн итгэлийг хүлээнэ гэдэг том шалгуур, том хариуцлага. Мэдээж манай компанийн худалдаа эрхэлсэн олон жилийн туршлага, өндөр нэр хүнд маань хамгийн гол үзүүлэлт болсон нь ойлгомжтой.

Уучлаарай. Энэ дэлгүүрт Солонгос хүн удирдаж, ажиллаж байгаа юу? Мөн валютын урсгал гадагшлаж байна гэх ярианы талаар ...

Монголын Имартад нэг ч Солонгос хүн ажиллахгүй. Мөн Монгол хүмүүс удирдаж байгаа. Эхний салбар дээр гэхэд л 500 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Бүгд Монголчууд. Энэ компани маань Монголд бүртгэлтэй, Монголдоо татвараа төлөх, дан Монгол ажилчид ажиллаж, Монголчууддаа үйлчлэх компани байх юм. Мэдээж франчайзинг учир Имартын Солонгос мэргэжилтнүүдээс зөвлөгөө, сургалт авах ажлууд бол хийгдэж байгаа.

Бид Имарт дэлгүүрийг нээж байгаа нь Солонгос бараа авчирч зарахын нэр бишээ. Манай үйлчлүүлэгчид биднээс асуудаг юм. Танай дэлгүүрийг Солонгосын Имартын бүх бараа байх юм гэж бодсон. Солонгос бараа бага байна гэх мэтчлэн асуудаг юм. Бид судалгааны үндсэн дээр Монголчуудынхаа, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол болон бие организмд нь тохирсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд анхаарахын зэрэгцээ олон улсын худалдааны шаардлагыг хангасан объектод, үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх стандарт, философи, ноу-хауг эх орондоо нутагшуулах гэж байгаа юм. Имартын арга барил гэдэг нь дэлхийн арга барил гэсэн үг. Товчхоноор хэлэхэд Эрүүл найдвартай хүнс, Чанартай хямд бараа бүтээгдэхүүн, Сэтгэл ханамжийг хангасан шинэ үйлчилгээ, Шинэ орчинг Монголд ороод ирлээ гэж харах нь зөв болов уу.

Гэхдээ л Солонгос талын хөрөнгө оруулсан юм чинь солонгос тал ашгаа хүртээд...

Уучлаарай, Олон нийтийн дунд санаатай санамсаргүй буруу мэдээлэл хүрч байгааг мэдэж байгаа. Та үүний мөрөөр асууж байх шиг байна.

Монголын тал буюу Алтай Холдинг ХХК 90 хувь хөрөнгө оруулсан, Солонгосын талын хөрөнгө оруулалт нь ердөө л 10% юм. Гэхдээ энд их багадаа асуудал нь байгаа юм биш. Гол нь Монголд хөрөнгө оруулах бололцоотой юм байна, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалдаг юм байна гэдэг имижийг бүрдүүлэх нь чухал. Эдийн засаг хүндэрчихсэн, хөрөнгө оруулагчид дайжчихсан энэ үед Монголд глобал бизнес хийх боломж байна, найдаж болох юм байна гэдэг мессежийг солонгосын төдийгүй дэлхийн бусад орны компаниудад өгч байгаа хэрэг шүү дээ. Энэ л яг одоо Монголд юу юунаас ч илүү хэрэгтэй байна. Бид эхнээсээ л Имартын талд санал тавьсан юм, цэвэр сонгодог франчайзинг баймааргүй байна аа, их бага нь хамаагүй хөрөнгө бас оруулаач ээ, солонгосын тэргүүлэгч компани монголд хөрөнгө орууллаа гэвэл бусад компаниудад маш том эерэг дохио болноо гэж. Тэднийг ийм жижиг хэмжээний хөрөнгө оруулалтыг хийлгэхэд ч хэцүү байсан юм шүү үнэндээ бол. Одоо цагт Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вэ? Тогтворгүй, найдваргүй, жижигхэн, ашиггүй зах зээл шиг л харагдаж байна шүү дээ.

Нөгөө талаас Монголчууд бид нэг зүйлийг сайн ойлгож аваасай гэж хүсдэг. Зах зээлд өрсөлдөөн нэмэгдэхэд хэрэглэгч л хождог. Саяхны жишээ бол Шангри-Ла зочид буудлын нээлт байна. Монголын бүх буудал дампуураад ганцхан Шангри-Ла л үлдэнэ гэж байсан. Одоо нэг эргээд харах хэрэгтэй. Зочид буудлын салбарт ямар их өөрчлөлт шинэчлэлт гарч байна. Манай Чингис зочид буудал маш олон шинэчлэлт өөрчлөлт хийсэн. Дэлхийн удирдагчдыг АСЕМ-ийн хурлын үеэр хүлээн авлаа шүү дээ. Бид зах зээлд бие биенээ унагаах сөхрүүлэх биш өрсөлдөж, хамтдаа хөгжих ёстой л гэж хардаг.

Скай нэрээ солиод Имарт болж байна. Скай нэрээрээ үйл ажиллагаагаа сайжруулаад явж болоогүй юм уу?

Монголын жижиглэн худалдаа, үйлчилгээг авч яваа хэд хэдэн компаниуд байдаг. Эдгээр хэдэн компаниуд сүүлийн 25 жил монголчуудын хүнсний аюулгүй байдлын манаанд зогссон. Бид ч тэдний л нэг, өөрийн гэсэн хэрэглэгчээ бий болгож чадсан бренд дэлгүүр. Чадлынхаа хэмжээнд зогссон, гэхдээ бүрэн хамгаалж чадаагүй. Oдоо харин бид өөрчлөлт авч ирэх цаг нь болсон.

Яг эцсийн дүндээ хүн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг тохирох үнээр нь хэрэглэх ганцхан л хүсэлтэй. Одоо байгаа бодит байдал маань ямар байна гэхлээр бид дэлхий дээр ходоодны болон элэгний хорт хавдраар тэргүүлж байна. Энэ бол хүнсний аюулгүй байдал алдагдсаны хамгийн том дохио. Хүнсний аюулгүй байдал гэж ярихаас илүү хийх, бодитоор үзүүлэх, нийгэмд шинэ жишиг тогтоох, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах тэр хэрэгцээ шаардлагыг хангасан дэлгүүр байхын тулд Скай Их Дэлгүүрт зарим тодорхой зүйлсийг өөрчлөх, заримыг эрс шинэчлэх шаардлага гарсан. Том утгаараа Монголын жижиглэн худалдааны зах зээлд салхи оруулах, өрсөлдөөн нэмэх зайлшгүй шаардлага байсан. Энэ ч утгаараа бид Имарт Монгол төслийнхөө уриа үгийг “МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ” гэж сонгосон юм.

Чухам юугаараа өөр вэ танай дэлгүүр?

Би сая хэллээ бидний уриа бол “МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ” гэсэн байдаг. Бид энэ ерөөлөө, энэ уриагаа хэрэгжүүлэхийн тулд:

Монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ болох мах, жимс ногоо, сүүг шинэлэг, чанартай байлгах үүднээс “Фермерүүдийг дэмжих хөтөлбөр” боловсруулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал химийн бордоогүй, эрүүл органик хүнсний ногоо жимсний төрөл зүйлийг шинээр монгол хөрсөнд нутагшуулан тариалах туршилт, тариалалтаас ургац хүртлэх хамтарсан хяналтын систем нэвтрүүлэх, вакцинд хамрагдсан, өвчингүй малын махыг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд буюу үйлдвэрийн аргаар бэлтгэх, сүү сүүн бүтээгдэхүүнийг фермерээс хэрэглэгч хүртлэх бүх дамжлагыг автоматжуулах, зэрэг олон дэд төслүүд амжилттай хэрэгжсэний үр дүнд үйлчлүүлэгчид маань өдөр бүр эрүүл, шинэхэн хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүллээ.

Мөн үндэсний үйлдвэрлэгч, импортлогч компаниудыг урьж, өөрсдийн бизнесийн зарчим үйл ажиллагаагаа танилцуулсаны үндсэн дээр 400 гаруй аж ахуйн нэгжтэй бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ контрактаа байгуулан хамтран ажиллаж байна.

Имартаар худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний чанарт давхар хяналт тавих үүднээс дотоод хяналтын лабораторио удахгүй нээхээр төлөвлөөд байна.

Үүнээс гадна Имартын Солонгос дахь 160 дэлгүүрээр Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдах гүүр болж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ажлыг эхлээд байна. Энэ дашрамд баяртай мэдээ дуулгахад манай хэд хэдэн Үндэсний үйлдвэрлэгч компаниуд Солонгосын талаас тавьсан шаардлага ханган одоо бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээ хэлцлээ хийж байгаа. Монгол хүн дэлхийн үйлчилгээг эх орондоо авдаг болох гэж байхад манай үндэсний үйлдвэрлэл яагаад дэлхийн тавцанд гарч болохгүй гэж.

Нийгэмд тустай ажлууд олныг хийж байгаа харагддаг Солонгосын Имарт?

Тиймээ. Томоохон байгууллагуудын нийгэмд хүлээх үүрэг тэр хэмжээгээр өндөр, үүнийгээ ч сайтар ухамсарласан байдаг.

Монголын нөхцөлд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрт захиалга өгч Имартын хангамжийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх, Хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулах зэрэг ажилд энэ чиглэлийн үйл ажилллагаагаа явуулж байгаа.

Сүүлийн асуултыг танд үлдээе.

Баярлалаа.

Би эцэст нь 2 зүйлийг давтан хэлмээр байна.

Нэгдүгээрт. Бид үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг сайжруулах болон борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр Солонгос мэрэгжилтнүүдээрээ зөвөлгөө өгүүлж ажиллаж байгаа нь бусад энэ салбарт ажиллаж байгаа байгууллагуудаасаа илүү дотоодын үйлдвэрлэлд санаа тавьж байгааг хэлмээр байна.

Хоёрдугаарт. Монголчууддаа амласан амлалт болох чанартай, шинэ бүтээгдэхүүнийг, хямд үнээр хүргэж, танд тав тухтай үйлчилгээг үзүүлэхийн төлөө Манай хамт олон уйгагүй хөдөлмөрлөх болно.


Ярилцсан: Д.Төв

Сүүлийн нийтлэл